БНМАУ-ын СнЗ-ийн 1946 оны 08 дугаар сарын 9-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор 1946 оны барилгын төлөвлөгөөнд оруулж 24 айлын сууцыг НТХ-ны орон сууцны барилгын зураг төсвөөр бариулах явдлыг Гадаад яаманд зөвшөөрсөн байна. Орон сууцыг барих ажлыг Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газарт даалгаж 09 дүгээр сарын 2 дугаар хагасаас хожимдуулалгүй эхлэн барихыг үүрэг болгожээ. Энэхүү орон сууцыг барих зардалд СнЗ-ийн бэлтгэл хөрөнгөөс 300.000 төгрөгийг олгосон байна.
1947 оны 10 дугаар сарын үед орон сууц ашиглалтад орж ГЯЯ-ны сайдын 1947 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 005 дугаар тушаалаар байруудыг хуваарилсан байна. тушаалыг үзэх
Мөн оны 12 дугаар сарын 28-ний өдрийн ГЯЯ-ны орлогч сайдын “орон сууцанд суугчид дотор ариун цэвэр ба гэрлийг өөрсдөө хариуцах хүмүүсийн тухай” 55 дугаар тушаал гарч нэр заасан 12 суугчийн гэрлийн ба ариун цэврийн хэрэгцээний төлбөрийг тооцох нөхцөлийг зааж төлбөрийг цалин дээрээс шууд улсын орлого болгож байхаар болжээ.
Гэрлийн төлбөрийг тооцохдоо гэрлийн шилний чадлын хэмжээгээр тогтоож байжээ. Жишээ нь:25-ын лампчиг-3 төгрөг 75 мөнгө, 40-ийн лампчиг- 6 төгрөг, 50-ын лампчиг 7 төгрөг 50 мөнгө, 60-ын лампчиг 9 төгрөг, 75-ын лампчиг 11 төгрөг 25 мөнгө, 100-гийн лампчиг 15 төгрөг, 150-ын лампчиг 22 төгрөг 50 мөнгө, 200 лампчиг 30 төгрөг, 300 лампчиг 45 төгрөг.
Ариун цэврийн зардлыг ам бүлийн тоогоор тооцон /3 хүртэл ам бүлтэй бол ам бүл тутам 10 төгрөг, 3-аас дээш бол ам бүл тутмаас 7 төгрөг/ сар бүр авч байхаар заажээ. Тус сууцанд бусад газраас суугаа 6 айлын зардлын төлбөрийг жинхэнэ хэрэгцээний хэмжээгээр нэхэмжлэн улсын орлого болгож байхаар тус тус заасан байна. тушаалыг үзэх
Орон сууцны айлуудын ахуйн хэрэгцээнд зориулан модон склад барьсан ба Гадаад яамны хэрэг эрхлэх газрын даргын 1947 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 33 дугаар тушаалаар эдгээр модон складуудыг суугчдын хаалганы дэс дараагаар хуваарилж үүнээс хойш орон сууцны үүд хаалганд ойр мод түлээ хураах ба хайрцагтай юм тавихыг зогсоохыг даалгасан байна тушаалыг үзэх.
Ажилчдын орон сууцны баруун хэсгийг 1976 онд албан контор болгон өөрчилж засвар хийжээ. Үүнээс хойш 1984 он хүртэл одоогийн Консулын газар байгаа урд талын хэсэг нь ажилтны орон сууц хэвээр байсан байна. БНМАУ-ын Нийтийн аж ахуй, үйлчилгээний яам, ГЯЯ-ны сайдын 1984 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн барилга шилжүүлэх тухай 279/201 дүгээр тушаалаар ГЯЯ-ны залгаа 23 айлын орон сууцны барилгыг контор болгон өөрчилсөн тул Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын балансаас хасаж, ГЯЯ-ны дэргэдэх ДБҮААГ-т шилжүүлсэн байна эхийг үзэх