МОНГОЛ-ФРАНЦЫН ХАРИЛЦААНЫ ЭХЭН ҮЕИЙН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ХОЁР БАРИМТ

МОНГОЛ-ФРАНЦЫН ХАРИЛЦААНЫ ЭХЭН ҮЕИЙН
ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ ХОЁР БАРИМТ

Монгол улс, Франц улс, Монгол-Францын ард түмний найрсаг харилцаа өнө эртний түүхтэй билээ. 1252 онд Людовик IХ хааны зараалаар дорно зүг аялж, Их Монгол Улсын нийслэл Хархорумд Францын эзэн хааны элч төлөөлөгчөөр Виллиам де Рубрук анх хүрэлцэн ирж, 1289, 1305 онд Ил хаант улсын Аргун, Өлзийт хаан Францын хаан гоо Филипптэй харилцаа тогтоож, дипломат захидал бичиг солилцсоноор Монгол, Франц хоёр улсын харилцааны түүхийн эхлэл тавигджээ.
Монголын эзэнт гүрэн задран унаж, феодалын бутрал хэдэн зуун дамжин үргэлжилж, улмаар Монгол улс Манж Чин улсын эрхшээлд орж, түүхийн тавцанд биеэ даасан улсын хувьд үгүй болсон нь тус хоёр улсын харилцаа хорьдугаар зууны эхэн хүртэл тасалдахад хүргэсэн.
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа дэлхийн олон улстай бие даасан улсын хувьд харилцах шинэ нөхцөл бололцоо бүрджээ. Шинэ тутам байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь хөрш хоёр улстай найрсаг харилцаа тогтоохын хамт дэлхийн тэргүүлэгч гүрнүүдэд ноот бичиг илгээн, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, худалдааны зэрэг эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бодлого баримтлан, түүнийгээ хэрэгжүүлэх бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Монгол Улс тухайн үеийн тэргүүлэгч гүрнүүдтэй харилцаа тогтоох бодлогоо тодорхойлохдоо Франц улсыг ямагт эн тэргүүнд онцолж, харилцаа тогтоох бодит алхмуудыг хийж байсан. Үүнд: 1912 оны 11 сарын 18-нд Монгол Улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас Франц улсын Гадаад хэргийн яаманд, 1912 оны 12 сарын 24-нд Монгол Улсын Богд хаантнаас Франц улсад Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоох хүсэлт тавьсан бичиг илгээж, 1913 оны 12 сарын 21-нд Хаант Орос улсад зарагдсан Монгол Улсын Бүрэн эрх барих сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн Петербург дахь Франц улсын Элчин сайдад Хаант Орос улс, ДИУ-ын 1913 оны 1 сарын 5-нд харилцан солилцсон ноот бичгийн талаарх өөрийн улсын байр суурийг тайлбарласан дипломат албан бичгийг өгч байв.
Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгт Монгол-Францын түүхэнд холбогдох баримтууд нь №34 гэсэн бие даасан хөмрөг болон хадгалагддаг. Тус хөмрөгт хадгалагдаж буй баримтаас Шашин төрийг хослон барьсан хаант Монгол Улсын Засгийн газраас Франц улстай харилцаа тогтоох талаар явуулж байсан бодлого, үйл ажиллагаанд холбогдох хоёр онцлог баримтыг сонгон, эхийн ксеро хуулбарыг нь монгол орчуулга, худам монгол бичгээс кирил монгол бичигт хөрвүүлсэн хөрвүүлгийн хамт толилуулж байна.

 

БАРИМТ №1

1912 оны 11 сарын 3-нд Монгол Улс Хаант Орос улстай найрамдлын гэрээ, тусгай хавсарган тогтоосон худалдааны гэрээ байгуулсны дараа Монгол Улс тусгаар тогтнож, Хаант Орос улстай найрамдал, худалдааны гэрээ байгуулсныг мэдэгдэн үүн лүгээ адилаар найрамдалт харилцаа тогтоон, худалдааны гэрээ байгуулахыг хүссэн ноот бичгийг тухайн үеийн дэлхийн тэргүүлэгч гүрэн Франц, Англи, Герман, Америк, Бельги, Япон, Дани, Голланд, Австри-Унгарын эзэнт улсад явуулсан байна.
Монгол Улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоохыг хүсэж, Франц улсын Гадаад хэргийн яаманд илгээсэн бичиг. 1912.11.18

Хөрвүүлэг
        Илгээх бичиг
        Монгол Улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны бичиг
Их Фа улсын Гадаадын хэргийн явдлын яамнаа илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир, эдүгээ манай улсын Засгийн хэрэг шийтгэх газраас хүргэн ирсэн бичигт, эдүгээ манай Монгол Улс нийт бүхнээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашин суртал, ёс журмыг алдагдахгүйгээр сахих учраа нэгэнт Чин улсаас салаад өөртөөн тогтнож, өөрөөн эзэрхэх улс төр байгуулан Халх Монголын шарын шашны эзэн Жибзундамба блама юугаан Монгол Улсын хаан эзэнд өргөмжлөн шашин төрийг хослон бариулаад, Олноо өргөгдсөний тэргүүн он хэмээн халсан зэрэг явдлыг эрхэм яамнаас олон гадаад улсад зарламуу хэмээн бичиг хүргэн иржээ. Иймийн тул манай яамнаас олон улсад мэдтүгэй хэмээн явуулснаас гадна үүнийг эрхэм явдлын яамнаа мэдтүгэй хэмээн явуулаад уламжлан эрхэм Засгийн хэрэг шийтгэх газраа нэвтрүүлэн байцаан үзэж хүлээгээд, гэрээ байгуулан худалдаа нэвтрүүлж улсын найрамдлыг зузаатгамуу. Үүний тул мэдтүгэй хэмээн илгээв.

Олноо өргөгдсөний хоёрдугаар он өвлийн тэргүүн сарын шинийн есөн
ГХТА. Х-34, Д-1, ХН-1, Х.253-254

БАРИМТ №2

1913 онд Богд хаантнаас Хаант Орос улсын эзэн хааны амгаланг эрж, “Улсын бичиг”, “Эрдэнийн Очир” одонг гардуулах ялдраа Хаант Орос улсаар нийт монголчуудаа нэгтгэн нэгдсэн тусгаар улс болох тэмцлээ дэмжүүлэх, зэр зэвсэг санхүүгийн тусламж нэмж авах, Петербургт Монгол Улсын Элчин сайдыг суулгах зөвшөөрөл олох, Франц, Англи, Япон зэрэг улсын ЭСЯ-нд Богд хаантны нэрийн өмнөөс бэлтгэсэн “Улсын бичиг” гардуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын хэрэгт тусалж магадгүй бусад улстай холбоо тогтоох зорилгоор Бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчдийг Хаант Орос улсад илгээсэн.
Сайн ноён хан Т.Намнансүрэн Хаант Орос улсын Петербург хотод байхдаа 1913 оны 12 сарын 21-нд Франц, Англи, Америк, Япон, Герман, Итали, Австри-Унгар, Турк, Голланд улсын Элчин сайдын яаманд Хаант Орос улс, ДИУ-ын хооронд 1913 оны 1 сарын 5-нд солилцсон ноот бичгийн талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхойлсон ноот бичгийг өгчээ. “Сайн ноён Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалын өдөр тутмын тэмдэглэл”1-д энэ тухай “ Мөн өдрөө Хятадын холбооноос бүрмөсөн салж, Өвөр Монголоо нэгтгэн авах учир Ин(Англи),Фа(Франц) -гийн зэрэг олон улсын Элчин сайдад бичиг өгвэй” хэмээн тэмдэглэсэн байдаг. Петербург дахь Франц улсын Элчин сайдын яамнаас Сайн ноён хан Т. Намнансүрэнгийн илгээсэн бичгийг хүлээн авснаа нотолж, хариу явуулсан бичгийн хуулбар Гадаад харилцааны төв архивт хадгалагдаж байна. Уг бичгийн эхийн ксеро хуулбар , түүний орчуулгыг дор толилуулж байна.

1 ҮТА, ТБА. ХА-2, Д-1, ХН-10, Х.22

 

Монгол Улсын Бүрэн эрх барих сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн илгээсэн бичгийг хүлээн авснаа нотолж хариу ирүүлсэн бичиг. 1913.12.22

Орчуулга

   Бүгд Найрамдах Франц                                 Санкт Петербург
   Улсын Элчин сайдын яам                             1913 оны 12 сарын 22
        Санкт Петербугт суугаа Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам өөрийнхөө хүндэтгэлийг эрхэм ноён Монголын Сайд нарын Зөвлөлийн даргад илэрхийлэхийн хамтад түүнээс ирүүлсэн санамж бичиг авсныг нотолж байна.
         Эрхэм ноён Монголын Сайд нарын Зөвлөлийн даргад

ГХТА. Х-34, Д-1, Х-2