Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНТУ-ын Гадаад хэргийн яам хооронд 2016 онд байгуулсан санамж бичигт дурдсан архивын хамтын ажиллагааны хүрээнд ГХТА-ын дарга Ө.Гаадармаа, мэргэжилтэн Э.Нарангэрэл нар БНТУ-д 2024 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд албан томилолтоор ажиллалаа.
Томилолтын хүрээнд БНТУ-ын ГХЯ-ны Дипломат архивын газрын захирал Али Рыза Өзжошкунтай уулзаж, 2 архивын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, тус архивын хадгалалт хамгаалалт, цахимжуулах үйл ажиллагаатай танилцав. Уулзалтын үеэр 2 архивын хооронд хамтын ажиллагааг сайжруулж, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, архивын цаасан суурьт баримтыг цахимжуулах ажлын ач холбогдол болон цахим архивын талаар хамтарч ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Мөн Анкара хотод байрлах БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ТИКА/-д зочилж, дэд захирал Үмит Хажы-тай уулзав. Уулзалтын үеэр архивын баримтыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэхэд хамтарч ажиллах талаар саналаа солилцов. Албан томилолтын хугацаанд Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн архив, Ерөнхийлөгчийн номын сангаар зочилж, ГХЯ-ны АНДОГ-ын хэлтсийн даргатай ажлын уулзалт хийв.
ГХТА-ын дарга Ө.Гаадармаа, мэргэжилтэн Э.Нарангэрэл нар Истанбул хот дахь Бичмэл дурсгалын удирдах газарт зочилж, эртний гар бичмэлүүдийн хадгалалт хамгаалалт, хэвлэн нийтлэх болон цахим хэлбэрт шилжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцон, Ара Гулирын музей, Истанбулын их сургуулийн номын сангуудаар мөн зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.