ГХТА-ын сан хөмрөгөө гэрэл зургаар нөхөн бүрдүүллээ

Гадаад харилцааны төв архив нь Монгол Улсын гадаад харилцааны түүхийг байнга төвлөрүүлэн хадгалдаг төрийн архив бөгөөд гадаад харилцааны түүхэнд холбогдох цаасан болон цахим баримт, гэрэл зураг, дуу, дүрс бичлэгийг татан төвлөрүүлж баримтын агуулга, ач холбогдол, нэр төрлөөс хамааран байнга, түр хугацаагаар хадгалдаг.

Тус архив нь “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай” хуулийн 28 дугаар зүйл, “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 3 дугаар бүлэгт “Архивын сан хөмрөгийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын болон түүх, эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны ач холбогдолтой баримтаар байнга баяжуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 2021-2024 онуудад хэрэгжүүлсэн өндөр түвшний айлчлал, арга хэмжээний холбогдолтой 2000 орчим гэрэл зургуудыг Ерөнхийлөгчийн тамгын газраас хүлээн авч, гэрэл зургийн сан хөмрөгөө нөхөн бүрдүүллээ.