ДИПЛОМАТ АЖИЛТНЫ ДҮРЭМТ ХУВЦАС

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 12 дугаар сарын 03-ны 93, СнЗ-ийн1947 оны 02 дугаар сарын 28-ны 11 дүгээр тогтоолоор ГЯЯ, гадаадад суугаа Элчин сайд, ЭСЯ-ны дипломат ажилтан нарын ёслолын ба өдөр тутмын өвөл, зун өмсөх хувцсыг буй болгож, түүнийг эдлэх дүрэм, дипломатч нарын ялгах тэмдгийн маяг, тодорхойлолтыг баталсан байна. 

Дүрэмт хувцасны эх загварыг төрийн шагналт Д.Чойдог гарган, зөвлөлтөөс сайн чанарын даавуу авчирч, Цэргийн гар үйлдвэр, 14-р артельд оёулж байжээ. Дүрэмт хувцсан нь өвөл, зуны 3 төрлийн малгай, каракуль захтай пальто, костюм, гутал, хүзүүний цагаан ороолт, зуны цагаан цув, савхин бээлийтэй байсан. Эмэгтэй дипломат ажилтанд дүрэмт хувцас хэрэглүүлэхгүй байхаар тогтоолд заасан байна. Ёслолын дүрэмт хувцас нь цэнхэр, өдөр тутмын хувцас нь хүрэн өнгөтэй байжээ.

ГЯЯ-ны төв аппаратад алба хашиж буй дипломат ажилтнуд 1948 оны хавар майн баяраар дүрэмт хувцсаа анх өмсөж ёслолын арга хэмжээнд оролцсон байна. 

БНМАУ-ын СнЗ-ийн 1953 оны 10 дгаар сарын 19-ний өдрийн 415 дугаар тогтоолоор дүрэмт хувцас хэрэглүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгосон. Энэ тогтоолын дагуу ГЯЯ-ны сайдын 1953 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 74 дүгээр тушаалаар өдөр тутмын дүрэмт хувцас өмсөхийг мөн оны 10 дугаар сарын 15-наас зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарсанаас хойш дипломат ажилтнууд зөвхөн ёслолын дүрэмт хувцас өмсөж байсан бөгөөд СнЗ-ийн 1954 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор ёслолын хувцас хэрэглэхийг зогсоож энгийн хувцсанд шилжсэн байна.