Гадаад харилцааны төв архив 1946 онд байгуулагдсан төрийн тусгай архив бөгөөд тус архивын сан хөмрөгт Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд холбогдох хосгүй үнэт, нэн үнэт баримтууд хадгалагдаж байдаг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг архивын баримтын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл, баримтад цахим хувь үйлдэж буй үйл ажиллагаатай танилцан санал солилцов.
Мөн тус архивт БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, програм хангамжийн ажлын явцтай танилцав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсад дипломат алба үүссэний 110 жилийн ойн хүрээнд Дипломат албаны музейг бэхжүүлэх, тохижуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор тус музейн өнөөгийн байдалтай танилцлаа. Дипломат албаны музей нь 2001 онд байгуулагдсан бөгөөд түүхт ойн өмнө музейг шинэ үзмэрээр баяжуулан, сан хөмрөгийг арвижуулах, шинэчлэн тохижуулахаар төлөвлөөд байгаа юм.